Дураараа “салхилж” буй үхлийн тунг хэрхэх вэ? Эрх баригчид аа
Хэвлэсэн он: 2012 оны 10-р сарын 30 өдөр

Сүүлийн хэдэн жил байгалийн баялагаараа дэлхийн уул уурхайн гигантуудын анхаарлыг татаад байгаа манай улсын тухайд ураны уурхай, цөмийн эрчим хүч бол “муурын сахал” л гэсэн үг. Харин бид хулгана. Муурын сахалаар оролдож буй хулганын хувь заяа тодорхй.

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх зэрэг Монгол улсыг хөгжлийг шат ахиулах нь бүү хэл ойрын хэдэн зуун жилд өлхөн тэжээчих орд газрууд байна. Гэтэл заавал эрсдэл, магадгүй хэдэн зууны турш ч үргэлжилж мэдэх гамшиг руу бид тэмүүлэх шаардлага байхгүй гэдгийг хэн хүнгүй ухамсарлаж буй.

Харин үндэсний цөөнх болсон хэдэн этгээдүүд хамар доорх хагархай газраа эдгээж, булшилж чадахгүй байж цөмийн хог хаягдлыг эх орныхоо ариун хэвлийд булшлах санаа агуулж байсныг хэлэх юун. Тэр ч бүү хэл өмнөх Засгийн газрын тэргүүний багцад хог хаягдлын савыг барих хөрөнгө мөнгөө хүртэл тусгасан байсан билээ.

Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна гэгчээр мөнгөний үнэр авсан хүмүүс юуг ч хийх хахир сэтгэлтэй болдог аж. Гэтэл бидэнд булшлах булш байна.

Энэ нь Дорнод аймгийн Мардайн ураны уурхай. Мардайн ураны орд нь Дорнод аймгийн Чойбалсан хотоос баруун хойш 110 км-ийн зайд орших бөгөөд Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдад гурван бүлэг орд байрладаг. Хуучнаар Зөвлөлт холбоот улс тус ордод 1971 онд хайгуул хийж 1974 онд илрүүлсэн юм.

Үүний дараа 1981 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Зөвлөлт холбоот улс болон манай орны Засгийн газартай “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглах тухай” хэлэлцээр байгуулснаас хойш 1988-1995 оны хооронд нийт 510.6 мянган тонн хүдэр олборлосон гэх тоо баримт бий.

Тус ураны ордуудыг түшиглэн 1982-1988 онд “Эрдэс” олборлох үйлдвэрийг байгуулан төмөр зам, өндөр хүчдэлийн шугам, ус дамжуулах хоолой, ил уурхай зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан нь Монголчуудад уурхай түшиглэсэн хөгжил байж болно гэдгийг харуулсан юм.

Дээрх уурхай нь хоёр сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай байсан төдийгүй тухайн үед хийсэн бүтээн байгуулалтын ажил нь манай оронд олон талын үр ашигтай байсан гэдэг.

Тухайлбал, төмөр зам, ус дамжуулах хоолой, сургууль, цэцэрлэг гээд хурдацтай хөгжлийн жишээ Мардайд л өрнөж байсан түүхтэй.

Гэтэл эл хөгжил цэцэглэлт зөвхөн цаг зуурын төдийгүй хожмын хорт үр дагавар даллах гишгүүр байжээ гэдгийг Дорнод аймгийн Мардайн уурхайд цацрагийн хэмжилт хийсэн Японы Токиогийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд батласан байдаг.

Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар зэрэг сумдын нутаг дэвсгэр болон Мардайн уурхай орчимд цацрагийн хэмжилт хийхэд тус сумуудад цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс  хэд дахин илүү байгаа нь илэрсэн байдаг.

Тухайлбал, Баяндун сумын төвд цацрагийн хүртэх хэмжээ дунджаар 0.17-0.25 микро зиверт/цаг /1.5 -2.2 милли зиверт/жил/ байсан байдаг.

Түүнчлэн Мардай тосгоноос байшингийн суурь, тавилга татаж ирсэн зарим айл бол 0.4 1 микро зиверт/цаг /3.59 милли зиверт/жил/ болжээ. Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа цэцэрлэг 0.25-0.39 микро зиверт/цаг /2.19-3.42 милли зиверт/жил/ байжээ.

Мөн Дашбалбар сумын зочид буудалд 0.29 микро зиверт/цаг (2.54милли зиверт/жил), тамгын газрын өрөөнд 0,3 микро зиверт/ цаг (2.62 милл зиверт/жил) байна.

Мардай тосгоноос байшингийн суурь татаж барьж байгаа байшин 0.211 микро зиверт/жил (1.85 милл зиверт/жил), Дорнод аймаг дахь хуучнаар оросуудын байранд 0.158 микро зиверт/цаг (1,38 милл зиверт/жил), хуучин төмөр зам, 0.392 микро зиверт/цаг (3.43 милл зиверт/жил), ураны уурхайн ил задгай овоолго, 5.8 микро зиверт/ цаг (50.8 милл зиверт/жил) байсан хэмжээн тодорхойлсон байдаг.

Гэтэл Японы Токиогийн их сургуулийн эрдэмтэдийн мэдээллийн мөрөөр манай улсын Цөмийн энергийн газар болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан дээрх сумдад цацрагийн хэмжилт хийжээ.

Хэмжилтийг 179 цэгт, агаар болон усан дахь радоны хуримтлал тодорхойлох хэмжилтийг 13 цэгт хийсэн байна. Баяндун сумын ЗДТГ-т 0.09-0.11 микро зиверт/ цаг, Мардайгаас аваачсан барилгын материалаар барьсан цэцэрлэгт 0.10-0.13 микро зиверт/ цаг, Дашбалбар сумын Засаг даргын өрөөнд  0.10-0.13 микро зиверт/ цаг байжээ.

Үүнийгээ зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзжээ.

Харин Мардай тосгонд 0.04-0.17 микро зиверт/ цаг байсан. Уурхай орчмын овоолгод 0.5-4 дахин их, 2, 10 метр зайд уг хэмжээ нь багассан үзүүлэлттэй гарсан байна.

Гэтэл Токиогийн I цахилгаан станцаас 20 км хол газар боловч 0.23 микро зиверт/цаг (2милл зиверт/ жил)-ээс ихтэй газрын цацраг идэвхт бодисыг цэвэрлэх ёстой гэж үздэг.

Тэгэхээр Японы Токиогийн их сургуулийн багш, эрдэмтдийн хийсэн хэмжилтийн дүнд итгэх үү, аль эсвэл манай цөмийн энергийн газраас хийсэн хэмжилтэнд итгэх үү гэдэг нь жинхэнэ асуудал болж байна.

Цацрагийн аюулд нирвэгдэж өдөр бүр шахам хэмжилт хийж буй Япон технологид итгэх үү, аль эсвэл Монголчууддаа итгэх үү.

Үүнээс гаднаямар ч байсан булшлаагүй үхлийн тун Мардайд байх нь байна. ЗХУ задарч, уурхайн үйл ажиллагаа хаагдсны дараа 1999 онд тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэс” гэж компанид хүлээлгэн өгөхөөр болж. Тэр үед анх удаа цацрагийн хяналт хийгдэж түүнээс хойш ор тас мартагджээ. Харин 2003 онд МХЕГ, 2009 онд МХЕГ, ЦЭГ хамтран дахин шалгалт хийсэн байна. Тухайн үед Мардайн хүдрийн овоолго дээр цацрагийн хэмжээ бас өндөр байсан учраас холбогдох байгууллагад нь үүрэг даалгавар өгч, хамгаалалтын торон хашаа, тэмдэг тэмдэглэгээ хийлгэжээ.

Гэтэл төмрийн хаягдал цуглуулдаг хүмүүс хашааны төмөр тор, төмөр замын рейльс, барилгын арматур зэргийг нь авч борлуулснаас хашаа нь үгүй болж өдгөө булш ч үгүй хашаа ч үгүй үхлийн тун Мардайд “дураараа салхилж” байна. Үүнийг хэрхэх вэ? Эрх баригчид аа

 

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл