Д.Сэрээнэндорж УБТЗ-ын дарга боллоо
Зохиогч: Д.Цэцэг
Зохиогч: http://www.shuud.mn
Хэвлэсэн он: 2012.10.10.

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өчигдөр болж,  төлөвлөсөн  асуудлаа хэлэлцэж, бүгдийг нь 100 хувийн саналаар амжилттайгаар шийдсэн байна.

Уг хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн  тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё. Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн  яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны  бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн  Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын ерөнхиий хорооны дарга, оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч  В.Н Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С. Цыденов, оросын төмөр замын монгол дахь  төлөөлөгч В.В. Морозов нар оролцсон юм.

Тус хурлаар олны анхаарлыг зүй ёсоор татаж байсан УБТЗ-ын даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудлыг шийдэж монгол хүнийг дахин томилсон байна. Энэ нь УБТЗ-ын ерөнхий инженер хийж байсан Д.Сэрээнэндорж юм.  Ийнхүү УБТЗ-ын  даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Сэрээнэндорж томилогдсон нь  монголчуудын хувьд нэгэн таатай мэдээлэл боллоо.

Түүнчлэн Зам, тээврийн сайд А.Гансүх “Төмөр замын дээд сургууль”-ийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцохдоо тус сургуулийг  Тээврийн  дээд сургууль болгох зорилготой байгаа тухай мэдэгдэж байсан. Тэгвэл салбарын сайд ч санасандаа хүрлээ. Учир нь УБТЗ-ын ерөнхий хорооны хурлаар Төмөр замын дээд сургуулийг  “Тээврийн дээд сургууль” болгох асуудлыг хэлэлцэж зөвшөөрсөн байна. Ингэснээр тус  сургууль 2013 оны хичээлийн жилээс зөвхөн төмөр замын мэргэжлээр биш, агаарын тээвэр, авто тээвэр, далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлж Монгол Улсыг хөгжүүлэх Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал нөхцлийн нэг болох үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх боломж нээгдэж байгаа юм.

2015-01-16
Шинэ мэдээ
Зургийн цомог
Шинэ бүтээл